02/03/2021Cэтгэгдэл

Angel хөрөнгө оруулагч стартапын юуг нь голчилж хардаг вэ?

Манай анхны хөрөнгө оруулагчдын нэг Оттэгэн Холдинг компаний захирал С. Отгонбаттай ярилцах боломж бидэнд олдсон юм. Тэрээр angel investor буюу эхэн үеийн, анхны хөрөнгө оруулагч билээ. Одоогоор тэрээр Эрксисээс гадна хэд хэдэн стартапуудад хөрөнгө оруулалт хийсэн Монголын технологийн салбарын томоохон angel хөрөнгө оруулагчдын нэг юм. Бизнесийн салбарт удаан хугацаанд амжилттай ажиллаж ирсэн Отгонбат захирал одоогоор Монгол болон АНУ-д үйл ажиллагаа явуулж буй олон бизнесүүдийг удирддаг. Ингээд, түүний хэрхэн хөрөнгө оруулалт хийсэн тухай ярилцлагыг хүлээн авна уу.

Яагаад анх хөрөнгө оруулалт хийх болсон бэ?

Анх нэгэн арга хэмжээний үеэр технологийн 30 старапуудтай уулзаж байсан. Эцсийн дүнд 2 буюу Инсур, Эрксис хоёрыг сонгосон. Одоогийн байдлаар би нийт 5 стартап компанид хөрөнгө оруулалт хийсэн. Миний хамгийн анхны хийсэн хөрөнгө оруулалт бол Инсур байлаа. Инсурийн хувьд нийгэмд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэгийг шийднэ гэсэн зорилго нь таалагдсан. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн даатгал. Энэ сэдвээр томоохон компаниуд ч дорвитой шийдэлд хүрээгүй байхад үүнийг бүр технологиор шийднэ гэсэн зориг зүрх, эрмэлзэл нь таалагдсан.

Тэгвэл яагаад Эрксис стартапыг сонгов?

Эрксисийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал А. Мэнд-Оршихтой жил гаруйн өмнө анх танилцсан. Түүний хувьд Цахиурын Хөндийд гарна гээд хаана, юунд хүрэх зорилгоо маш тодорхой мэдэж байсан. Үүнээс гадна удаан хугацаанд хамт ажиллаж ирсэн шаргуу хамт олноороо давуу талтай. Бүтээгдэхүүнийн хувьд бизнесүүдэд зориулсан буюу B2B загварыг сонгосон нь харьцангүй ахисан түвшний санагдсан. Бас тодорхой хэмжээний тогтмол хэрэглэгчидтэй болчихсон нь таалагдсан. Би өөрөө ч туршиж үзсэн. 

Өнөөдрийн байдлаар Эрксисийн шинэлэг хөрөнгө оруулалтын арга барилаар надтай нийлээд нийт 26 хүн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү Continuous Securities Offering (CSO) аргачлал нь арай өргөн хүрээний хүмүүст хөрөнгө оруулагч болох боломжийг олгосноороо олон улсдаа ч шинэлэг шийдэл юм. Эрксис компани CSO аргачлалыг эхлүүлэн Цахиурын Хөндийд очих хууль эрх зүйн болон санхүүгийн сууриа зөв тавьчихсан байгаа нь их бахархалтай. Тиймээс бэлтгэл сайтай, их зөв замаар явж байгаа гэж би боддог.

Таны бодлоор стартап компанид хөрөнгө оруулах нь бусад төрлөөс юугаараа илүү үр өгөөжтэй эсвэл давуу талтай вэ?

Өөрөө бас давхар суралцах боломжтой байдаг нь таалагддаг. Зөвхөн санхүү гэлтгүй ментор хийх, эсвэл бусад янз бүрийн аргаар тусалж хувь нэмрээ оруулах нь сонирхолтой байдаг.

Хэрхэн хөрөнгө оруулах компаниа сонгодог вэ? Та юуг нь голчилж хардаг вэ?

Миний хувьд хүнийг нь чухалчилдаг. Тухайн компанийг, санааг нь эхлүүлсэн хүнд нь бооцоо тавьж байна гэсэн үг. Энэ санаа нь хэрэгжихгүй байсан ч дараа дараагийн санаанд нь бас хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Тиймээс тухайн хүний эрмэлзэл, цуцахгүй явах чадварт нь итгэж хөрөнгө оруулдаг. Тухайн хүн хэр их итгэлтэй, зүтгэлтэй байна гэдгээс нь бизнесийн амжилт хамаарна. Үүнээс гадна тухайн компанийн алсын хараа болон соёлыг нь анхаарч авч үздэг. 

Шинээр хөрөнгө оруулагч болох гэж байгаа хүмүүст хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Мөнгөн урамшуулал авахаас гадна энэхүү хөрөнгө оруулалтаас би өөр юуг хүсч байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Тухайн хөрөнгө оруулалтын ач холбогдол, тухайн улс орон болон салбарын томоохон дүр зурагт ямар нөлөөлөл авчрах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Миний хувьд яагаад технологийн компаниудад илүү анхаардаг вэ гэхээр уламжлалт бизнестэй харьцуулахад илүү хурдацтай, урд өмнө нь байгаагүй шийдлүүдийг тухайн экосистемд нэвтрүүлдэг төдийгүй бүр хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх боломжийг авчирдаг.

Таны ирээдүйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө?

NYSE буюу Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх компаниудыг судалж байгаа. NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн хоёр мянга гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байдаг. 

Хүн машин авахаар шийдлээ гэхэд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө мэдээж тодорхой хэмжээний судалгаа хийдэг. Жишээ нь ямар загварын машин байх уу, бас өрсөлдөгчийг нь судална. Үүнтэй адилхан хувьцаа худалдаж авахдаа ч гэсэн судалгаа хийх хэрэгтэй. Тиймээс хувьцаа авахаасаа өмнө тухайн салбар дахь компанийн өрсөлдөгчдийг нь судлаарай.

Нэмэлт асуулт: бүх нийтийн карантины үеэр өгөх “life hack” зөвлөгөө бий юу?

Энэ үеэр ямар нэгэн шинэ ур чадвар сурсан байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ энэхүү хүндхэн үед гэртээ ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Тиймээс энэ үед ядаж зөв зүйлд сатаарч, өөрийн сэтгэл санаагаа сэргэг байлгасан нь дээр болов уу.


Эрксис бол маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагаагаа удирдах цогц платформ юм. АНУ-д бүртгэлтэй уг компани нь хувьцаагаа CSO (Continuous Securities Offering) хөрөнгө оруулалтын шинэ загварыг ашиглан цахим хуудсаараа санал болгодог. 

Энэхүү боломж нь хүн бүрт нээлттэй ба хамгийн багадаа $300 ам.доллараар хөрөнгө оруулалт хийх боломжтой. Хэрэв та ч гэсэн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл энэ хуудсаар зочлоорой: