Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
Миний нэрийг Мөнгөнцэцэгийн Амарзаяа гэдэг. Нягтлан бодох чиглэлээр төгссөн, Эрксисийн хэрэглэгчдэд суппорт өгөх багт хамаардаг. Хоббигоороо зураг зурж, PUBG тоглодог.
Та яагаад Эрксисд нэгдсэн бэ?
Би хувийн сургуульд сурч төгссөн болохоор яг миний мэргэжлээр компаниуд СЭЗИС, Мандах болон МУИС-аас өөр сургуулийн оюутнууд авахгүй гээд байсан юм. Тэгээд би байгууллага хайж яваад Эрксистэй нэгдсэн. Би анх бодохдоо төгссөн сургууль харж ажилд авдаг бол бүтэхгүй юм байна гэж бодож байсан ч манай захирлууд үнэхээр нээлттэй байсан. Хүн өөрөө чадаж л байвал заавал Мандах, МУИС төгссөн байх албагүй гэж боддог нь надад маш их таалагдсан. Тэгээд би 2020 онд ажилд орсон.
Эрксисд ажиллахын давуу тал
Байнга хөгжих боломжтой. Нэг байрандаа ерөөс байгаад байдаггүй, яаж энийг хийх үү, яавал гоё болох уу, юу хийх үү гээд толгойгоо ажиллуулж, үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Нөгөө талдаа маш гоё хамт олонтой ажилладаг. Бүгд хоорондоо шинэ санаагаа ярилцдаг. Буцалж л байдаг хамт олонтой. Мөн би зураг зурдаг болохоор үүнтэйгээ ажлаа холбоод сонирхолтой байдлаар өөр юу хийж болохоор байна вэ гэж судалдаг.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө босож кофе уугаад, эхний байдлаар бүх энтерпрайз харилцагчдаа хянадаг. Араас нь SAAS хэрэглэгчдээ хянаад дуудлага, инбокс гээд ажлын талбаруудаа байнга шалгаж, тогтмол төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. Мөн багийнхантай хамт цагаа өнгөрөөж, мэдэхгүй зүйл гарвал тусалдаг.
Ажлаас гадуур, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Хэтэрхий их ажлаа бодоод байдаг болохоор тэр бодлоосоо холдох гээд манга уншиж, салхинд гарч, аялах дуртай. Зун болчихсон болохоор хөдөө явж, ногоон байгаль, гол мөрөн харах дуртай. Амралтын өдөр ийм л зүйл хийхийг хичээдэг. Хийх боломжгүй бол мангагаа л уншина даа.
Таны хүсэл, мөрөөдөл?
Ойрын үеийн зорилго гэвэл суппорт багаа төлөвшүүлж, нэгэн жигд болгоод, өөрөө чиглүүлдэг болж Эрксис-д илүү их хувь нэмэр оруулж болох бусад зүйл дээрээ төвлөрнө. Ирээдүйдээ Эрксис-ийн олон талын мэдээлэл мэдлэгтэй, туршлагатай, зөвлөх хүн болно гэж боддог. Бүр цаашдаа зургаараа дагнана гэсэн бодол бас бий. Үүнтэй холбоотой сүүлийн үед влог хийж, зурагтай холбоотой хүмүүсийн асуултад хариулъя гэж бодож байна. Одоогоор энэ хэдийг л бодож байна.
Нягтлан бодогчоор төгсөөд, IT-ын салбарлуу шилжихэд сурах зүйл олон байсан байх. Тухайн үед ямар байсан бэ?
Би анх Эрхэт санхүүгийн программ дээр гарч буй алдаануудыг шалгаж, мөн хэрхэн ашиглахыг зөвлөдөг байсан. Нягтлан суурьтай болохоор тухайн үедээ программаа ойлгох, нягтлан хүмүүст тайлбарлахад маш амархан байсан. Дараа нь Эрхэс рүүгээ орсон. Тэгээд ахиад л программаа тайлбарласан. Нэг их ялгаа байгаагүй. Гэхдээ эрхэс дээрх модулаа сурахад сарын хугацаа зарцуулсан.
Нэмж хэлэх зүйл?
Манай суппорт баг шинэ хүн ажилд авах гэж байгаа шүү. Программ талдаа сонирхолтой, өөрийгөө сорьж, бүтээлчээр ханддаг, байнга шинэ зүйлтэй нүүр тулах дуртай тийм хүн л хайж байна. Англи хэлтэй байвал бүр сайн хэхэ.
Та Эрксис гэр бүлийн гишүүн М. Амарзаяатай танилцлаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.